Чойжин ламын сүм музей


Чойжин ламын сүм музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм. VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оржээ.
XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” юм.
Энэ сүмийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар бүтээжээ. Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж. Тиймдээ ч 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүмийг учир битүүлгээр 1903 онд галдан шатаасан юм.
Гэвч Чойжин лам урд хойдохыг нэгэнтээ харах чадалтай байсныхаа хувьд Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухалд тооцож, улмаар хойтон жил нь буюу 1904 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр (Маймаа хотын захирагчийн охин, түүний эхнэр болох Сүрэнхорлоогийн хөрөнгөөр) сүм барьж эхэлжээ. Цаг төрийн байдал ороо бусгаа байсан тул Чойжин лам сүм барих ажлыг машид шуурхайлж, ердөө л хоёрхон жилийн дотор 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгож, дотор заслын ажил эхлүүлжээ.
Монголын төрийг хамгаалан чойжин буух сүм хийд барихыг Манжийн хаан зөвшөөрөхгүй хэвээр байв. Иймд 1906 онд Чойжин лам Лувсанхайдав уран арга хэрэглэн Манжийн хаанд бичиг явуулж, түүндээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүм босгов. Таныг урт удаан наслах, Манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлэв” гэжээ. Ингэхэд Манжийн Бадруулт төр хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнаж, Богдын төрийн шар ордон Дэчингалбын хийдийн адил эрх олгожээ.
Сүмийг 1908 онд ашиглалтад оруулж, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр шашныг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтаас “Хар, зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс чойжин буудаг, төр-шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм болгожээ.
Чойжин ламын сүмд 1938 он хүртэл хурал хурж байгаад коминтерны явуулсан бодлогын дагуу хурал номьн үйл ажиллагааг нь хаажээ. Түүхэнд “их хэлмэгдүүлэлтийн жил” хэмээн нэрлэгддэг 1937 оны хэцүү бэрх цагт олон зуун сүм хийд дацанг татан буулгаж, доторх судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийсэн билээ. Чухамхүү энэ үед шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан тус сүмд төвлөрүүлж, улмаар тухайн цаг үеийн эрдэмтэн мэргэд, сэхээтний төлөөлөгчид төрийнхөө дээд байгууллагад албан ёсны асуудал тавьжээ. Монгол урчуудын урлан бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй хэмээн 1939 онд сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтад авснаар хойч үе бидэнд өвлөгдөн ирсэн түүхтэй. Энэ хэрэгт маршал Чойбалсан онцгойлон анхаарсан гэдэг.
Хожим Чойжин ламын сүмийн хойно Д.Сүхбаатар ард түмэндээ үг хэлж, Түр Засгийн газрын ордноо мөн Чойжин ламын сүмийн хойно байгуулсан юм. Их жанжны үгээ хэлсэн яг тэр газар хожим буюу 1925 онд Сүхбаатарын талбайг байгуулсан түүхтэй. 1951 онд Засгийн газрын ордныг мөн л сүмийн чанх хойно барьсан. Энэ нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин ламын сүм, Чойжин сахиусууд хамгаалж байг гэсэн утга билэгдэл агуулсан ажээ. Эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэг, төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол сүмийн ганжиртай нэг шугамд давхацсан байдаг нь тохиолдлын хэрэг биш юм.
1941 оны 11-р сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигийг үндэслэн түүх соёлын тэргүүн зэргийн дурсгалуудын тоонд багтаан оруулж “Судар бичгийн хүрээлэн”-гийн мэдэлд шилжүүлэв. 1942 оноос “Шашны түүхийн музей” болж, 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, эсвэл тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байснаа 1962 оноос ард түмэнд үйлчилж эхэлсэн байна.
Уран барилгын энэ цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, ‘”Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суварга, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авъяас билэг, бурхан ухаан, сүсэг бишрэлээр урлан бүтээсэн бурхны шашны түүх, соёлын үнэ цэнэтэй 6500 гаруй бүтээлийн дээжис хадгалагддаг.
Хувьсгалаас өмнө 700 гаруй сүм хийд байснаас 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийн үед хөндөгдөөгүй үлдсэн цорын ганц сүм Чойжин ламын сүм билээ. Үүгээрээ Амарбаясгалант, Эрдэнэзуу, Богд хааны ордон музейгээс ялгагдана. Иймээс ч амьд сахиус бурхад оршин байдаг учир эргэл мөргөлөөр ч шүтэн биширч байдаг.

Шинэ мэдээ

Онходын Жамъян гүн

Нийтэлсэн огноо:2018-02-08

  Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн, Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх я...

Чойжин ламын сүм музей

Нийтэлсэн огноо:2018-02-08

Чойжин ламын сүм музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм. VIII Богд...

Өнгөний бэлэгдэл

Нийтэлсэн огноо:2018-06-14

Цагаан өнгө: Цэвэр цэмцгэр байдлыг билэгддэг, идэвхтэй, гоёмсог хөнгөн цовоо байдлыг бий болгодог бөгөө...

Минималист хэв маяг

Нийтэлсэн огноо:2018-06-14

XVII зууны дунд үеэс англи хэлэнд minimal хэмээх одоогийн нэршлээрээ хэлэгдэж эхэлсэн боловч үүсэл нь л...